Thursday, December 3, 2015

Тэмдэглэл

Саяхан хэд хоногийн өмнө өөрийн сошиал ертөнцөөс бичсэн бүх шүлгээ түүж авах ажлыг өөртөө зориулж хийлээ.

"Үүлэн дундуур 
Дүүлэн нисэх загас 
Гүн далайн ёроолд 
Зөн нисэх шувууд... 
Хээрийн салхинд 
Бээрийн зайд хийсэх 
Бул хар чулууд ... 
Оддын зүгээс 
Моддын доор харвасан 
Гал шаргал навчис..."
Харах нүд хуурамч 
Сонсох чих худал 
Дэндүү цөөхөн өгөгдөлтэй 
Амьдрал ...


2014.08.21

Sunday, November 22, 2015

Хамаагүй ...

Аадар бороо орход 
Инээмсэглэлийн чинь 
Цаанаа гуниг нуугдаж 
Хэн нэгний төлөө чи
Сэмхэн санаа алддаг ... 
Харин би 
Бүүдгэр өдөр цас орход 
Бүгдээс хөндийрөн
Ганцаар алхаж 
Дурсамжаа санагалздаг... 
Гэхдээ энэ бүхэн 
Чи бид хоерын
Өнөөдрийн хайрыг 
Үгүйсгэж чадахгүй... 
Өнгөрсөнд чи хэнд 
Хайртай байсан 
Магад ирээдүйд 
Надаас өөр 
Хэнийг хайрлах нь
Хамаагүй ... 
Өөрийн минь дэргэд 
Одоо байгаа нь л 
Зүрхийг цохилуулсаар 
Зүүдийг цахилуулсаар... 
Би амьдарч бас 
Амьсгалж байна... 




Sunday, September 13, 2015

Цэцэгсийн цанан мандал





Цас орсон өглөө
Цаг хугацаа зогссон... 
Цантсан цонхон дээрх
Цэцэгсийн цанан мандал 
Цаанаас  
Бүдэгхэн тэмдэгрэх  
Цагаан өглөө...  
Гуниг төрүүлэвч 
Орцноосоо гархад 
Нүд гялбуулах 
Ондоо ертөнц 
Сэтгэлд цагаан ...
Энэ цасан дунд  
Ирээдүй гэгч рүү 
Тэмүүлэхгүй
Өнгөрсөн гэгч рүү 
Өнгийхгүй 
Зүгээр л зогсмоор... 



Wednesday, September 9, 2015

Намар чи

Намрын улирал... Оройн жихүүнд гудамжаар алхахад нэг тийм хэзээний ч гэх юм танил тодно мэдрэмж. Уйтгартай. Гэхдээ л хүн гэдэг амьтан уйтгар гунигт автах үедээ л өөрийнхөө тухай жинхэнээсээ эргэцүүлж чадах юм даа.  Үдэш бүр гэртээ ганцаараа байхад - бодлогоширох магадгүй бясалгал ч хийж болох тийм чимээ аниргүй ертөнцөд би амьдарч байна... 

Хайрын тухай гэнэн хийгээд гэгээн төсөөлөл минь одоо ч надад хадгалагдсаар байгаад би хэзээ ч гайхаж байгаагүй. Учир нь би яруу найраг шиг хайр дурлал байдагт итгэдэг. Байхгүй байлаа ч байлгаж болно гэж найддаг. Бүсгүй минь би чамайг санаж чамтай уулзахыг ямар их хүснэ вэ? Гэхдээ би яагаад энэ бүхний төлөө юу ч хийж чадахгүй байна вэ? Утасны цаанаас л сонсож байгаа чиний дуу хоолой... 

Өөртөө зориулж нээсэн блог минь... Өөрийн минь өврийн дэвтэр. Би хэзээ нэгэн цагт жиэхэнэ уран бүтээлч болох ёстой... 

Wednesday, August 19, 2015

Яагаад ч юм

Яагаад ч юм 
Намайг хүлээгээд байх шиг 
Надад эрхлэх гээд байдаг 
Бүсгүй танхил хүслийг чинь 
Бүлээн гараас чинь тэмтэрдэг ч ... 
Хөтөлж хэзээ ч явахгүйгээ
Өтөлж хамтдаа оршихгүйгээ 
Мэдрэх ямар их 
Эмзэглэлтэй гээч ... 
Үргээж нисгэчимээр 
Чиний хайр 
Үлдээж золиосломоор 
Чиний сэтгэл...  



Tuesday, August 18, 2015

2015.08.19 - 2035.08.19

Би энэхүү бичлэгийг 2035 оны 8 сарын 19-нд зориулан бичиж байна. 50 настай би... уншина. Хүн хэзээ ч мартамгүй тэмдэглэлт өдрийг мартдаггүй бол энэ өдрийг зүгээр л жирийн өдөр байсанаар би эргэн дурсах болно. Энэ интернэт гэсэн зүйл оршиж л байвал эргээд унших боломж гарна ...
50 настай би-д
Өнөөдөр бороотой өглөө байлаа. Өчигдөр найз нартайгаа нийлээд 4-5 шил пиво уусан... Жаахам согтсон бас л бороотой үдэш сэтгэл хөдөлсөн. Гэртээ харьсан ганц бие залуугийн амьдрал хоосон гэр... 5 сарын 25-нд яг ийм бороотой үдэш болзсон тэр жаахан охиныг санасан догдолсон. Сар гарны өмнөөс тэр утсаа авахаа больсон гэхдээ л авна гэж найдсан итгэсэн залгассан аваагүй, хэдэн мөр мэссэж бичсэн хариу үгүй.
Өнөөдөр бол жирийн л өдөр бүрхэг тэнгэртэй бороотой машинуудын сигнал - ажилдаа яарсан хүмүүс, онц гойд юмгүй өдөр.
Ирээдүй рүү бичиж байгаа юм чинь хамгийн гоёоор төсөөлж байна... Тавин настай би... 3 хүүхэдтэй хайрт хань минь энэ бичлэгийг надтай цуг уншина. Чамтайгаа учрах гэж л би өдий хүртэл ганцаараа явна. 20 жилийн дараа уншуулах ч гэсэн би чамдаа хайртай шүү учраагүй ч гэсэн...
Яг одоо Алла Пугачева гийн Позови меня с собой гэж дууг сонсож байна, бас ганцаардаж байна... Гэхдээ ингэж их ганцаардсаны минь шагнал болоод чи минь надад ирнэ гэж итгэсээр... Ирээдүйн надтай цуг уншиж байгаа эхнэртээ хэлж байна шүү. Амьдрал бол хэтэрхий богинохон, гэхдээ хэтэрхий богинохон болхоор л амттай байгаа гэж боддог ... За тэгээд 50 настай би-д зөвхөн зориуллаа... Залуу насаа дурсаарай энэ бол дурсамж гэхдээ албаар тэмдэглэж үлдээсэн дурсамж түр баяртай 20 жилийн дараа уулзая

Sunday, August 16, 2015

Дусал борооны үг

Зүрхнээс чинь
Аргамжсан сэтгэлийн
Уяа ...
Чамайг хүлээсэн
Хүлээлтэнд
Чамаас хөндийрч
Ямар ихээр сунаа вэ ?
Чамгүйгээр амьдарч
Чамгүйгээр нойрсож
Чадсан итгэл минь
Хэдийнээ мохжээ...
Иргүй итгэлийнхээ
Мохоо хайчаар
Эрчлээтэж сунасан
Эмзэг уяагаа
Ингээд би чинь
Хайчиллаа...
Эргээд уях тэнхэл
Сэргээд дөхөх сэтгэл
Харамсалтай нь
Үлдсэнгүй...