Thursday, December 3, 2015

Бараан гунигууд...

Уй гунигт 
Бороон өдрүүд 
Бараан гунигууд... 
Навчисын шарлах орь дуун 
Намраас ирэх уйтгарт дуун 
Цонхны минь цаана хэдийнээ 
Цурхиран уйлсаар удлаа... 
Бүдэгхэн дурсамж мэт 
Бүүдгэр тэнгэр 
Бараан үүлс 
Нулимс урсган мэгшинэ... 
Заримдаа амьдрал 
Залхмаар уйтай
Уйтгарт 
Бороон өдрүүд 
Бараан гунигууд...

2013.08.12

Дандаа би ганцаараа сэрсэн

Өөр хэнийг ч биш 
Чамайг л хүлээсэн... 
Учрал болгоны төгсгөлд 
Уйлахгүй баярлахгүй байж 
Чадсан , дассан... 
Чамайг л хүлээх гэж 
Чиний л гараас атгах гэж 
Дандаа би ганцаараа явсан ... 
Үүр шөнийн зүүд бүхэнд 
Өвөр дээр минь эрхлэх 
Дарь эх минь ... 
Чамайг л хүлээж 
Дандаа би ганцаараа сэрсэн ...


2013.06.24 

Ганцхан шалтгаан

Хар цагаан 
Амьдралд ... 
Хайр гэгч юу эсэх? 
Хамгийн удаан 
Хайсан
Хариулт нь 
Чи байж... 
Чамтай танилцсан үдэш
Тэртээх 
Тэнгэрийн одод 
Гал улаан гэрэлтэй
Гартаа атгахад 
Ямар ойрхон ... 
Чамтай сэрсэн өглөө
Мандах 
Нарны тусгал 
Солонгын долоон өнгөтэй 
Харж мэдрэхэд
Ямар үзэсгэлэнтэй ... 
Сайхан бүхний 
Орших ... 
Гайхам бүхнийг 
Мэдрэх ...
Ганцхан шалтгаан
Чи минь ... 


2013.05.02 

Хайр энхрийлэл мэт ганц дусал дарс ...

Хатаж омголдсон уруул дээр минь 
Хайр энхрийлэл мэт ганц дусал дарс ... 
Хурууны чинь өндөгнөөс чинь дуслахад 
Хувь тавилан ямар хямдхан юм бэ? 
Хуучирсгүй залуу нас гэж бахдсан ч 
Хором хормоор үдэж гаргах гунигархал 
Хаашаа ч юм бэ одсон тэр нэгэн бүсгүй 
Хаа холын холд үлдсэн үнэнч тэр дурлал ... 
Эргээд ирэхгүй цаг хугацааны эцэст 
Ирэх ёстой түүнийгээ хүлээх итгэл 
Зүрх сэтгэл дотроо нууцхан шивнэх 
Зориулж чамд хэлэх энхрий үгс... 


2013.07.14 

Үзэсгэлэнт галт гэрэл - Чи

Харанхуйн дундах 
Үзэсгэлэнт галт гэрэл - Чи 
Хаа холоос чам руу 
Тэмүүлэх гэнэн эрвээхэй - Би 
Ойртох тусам 
Илчэнд чинь уярч 
Ондоо бусадтай хамт 
Чамайг л тойрон эргэлдэнэ ... 
Гал халуун хайрыг чинь 
Ганц ч удаа боловч мэдрэе гэж 
Зориг гарган чамдаа хүртэл
Зоргоор дүүлэх далавч минь 
Түймэр мэт авалзаж 
Түнэр харанхуйн гүн рүү 
Намайг авч одлоо ... 
Дахиж чамдаа 
Хэзээ ч хүрч чадахгүй ч 
Гал халуун хайранд чинь 
Ганц л удаа хүрсэн нь 
Гайхамшигтай сайхан ...


 2013.08.04

Дусал бүрийн үнэрээр...

Хичнээн удаан 
Чамайгаа хүлээснээ 
Мартажээ... 
Эцэстээ 
Цаг хугацаа хүртэл 
Хүлээлтийн минь
Өмнө өвдөг сөхөрч... 
Орон зайнаас
Цаг хугацаанаас 
Ондоо нэгний хайраас 
Одоо чамайгаа би нэхэхгүй... 
Орох борооны 
Дусал бүрийн үнэрээр 
Норох моддын 
Навчис бүрийн чимээнээр 
Чинийхээ үнэрийг 
Чинийхээ дууг 
Мэдэрч байна ...
Хэзээ ч ирэхгүй 
Байсан ч
Хэзээний чи минь 
Наддаа ирж ... 
Хаврын бороо 
Будрах цаснаар 
Хажууд үргэлж – ЧИ 

2013.11.03

Тэмдэглэл

Саяхан хэд хоногийн өмнө өөрийн сошиал ертөнцөөс бичсэн бүх шүлгээ түүж авах ажлыг өөртөө зориулж хийлээ.

"Үүлэн дундуур 
Дүүлэн нисэх загас 
Гүн далайн ёроолд 
Зөн нисэх шувууд... 
Хээрийн салхинд 
Бээрийн зайд хийсэх 
Бул хар чулууд ... 
Оддын зүгээс 
Моддын доор харвасан 
Гал шаргал навчис..."
Харах нүд хуурамч 
Сонсох чих худал 
Дэндүү цөөхөн өгөгдөлтэй 
Амьдрал ...


2014.08.21