Thursday, December 3, 2015

Оройн бүрэнхийд

Оройн бүрэнхийд
Орц руугаа орох ...
Гэгээ үгүй харанхуйг
Гэрэлтүүлэн зогсох хоёр ...
Хайрын үгсийг шивнэлцэж
Харанхуй орцыг гэрэлтүүлэгчид
Хүйтэн өвлийн жаварт
Хүлээлт догдлолд дулаацагчид...
Хайрт дурлалт хоёрын
Хажуугаар нь би
Доошоо харан инээмсэглэж
Догдолж түргэн зөрөв...
Сэтгэлд нэг л өег мэдрэмж төрж
Сэмээрхэн санаа алдав ...

2011.12.10 23:41

Зөвхөн чиний

Алс тэнгэрийн гүн рүү ширтэж 
Аяархан шивнэж хэлсэн хүсэл минь 
Зөөлөн будрах цасан ширхэг болон 
Зөвхөн чиний алган дээр хайлаасай... 2011.12.25

Гэтэл ганц зүйл үүрдийнх

Ядахад ганц үг хэлүүлчихгүй 
Ямар их үзэн ядна вэ? 
Яагаад ч эргэхгүй сэтгэлийг чинь
Яаж би өөрчлөх юм бэ? 
Зүгээрээ, хохирогч тал байхгүй 
Үгээрээ намайг битгий боомил 
Хэтэрхий их хайртай байсан минь
Хэчнээн жилийн шаналал вэ?
Өчнөөн их хайр гарздсан юм бол 
Төчнөөн их зовлонгоо надад үлдээ 
Харамсалгүй дуусгамаар байгаа бол 
Санамсаргүй ч хамаагүй тааралдахгүйд итгэ...
Эргэж буцахгүй гэсэн амлалтаа өөртөө үлдээ 
Итгэж болноо би чамаас хэдийнээ явчихсан... 
Бүх зүйл зуурдынх
Гэтэл ганц зүйл үүрдийнх
Харааж зүхэж үзэн ядавч 
Хайрлуулж байсан үнэн үүрд үлдэнэ... 2012.01.09

Яагаад ч юм Чамайг зүүдлээд л...

Яагаад ч юм
Чамайг зүүдлээд л... 
Ягаан даашинз 
Цагаан шүхэр 
Яг л дурсамж мэт 
Бороотой үдэш ... 
Ямар их жаргалтай 
Байваа... 
Инээд чинь чихэнд цуурайтаад л 
Инээмсэглэл чинь харцанд тодроод л
Үзэсгэлэн гоог чинь ширтэн догдлоод л 
Үнэхээрийн аз жаргалт мөчүүд ...
Харин гэнэт ...
Шивнэн хэлэх үгсийг чинь 
Сонсож чадахгүй байгаагаа ухаарлаа...
Шиврэн орох бороонд 
Норохгүй байгаагаа мэдэрлээ...
Зүүд байжээ... гэх ухааралтай цуг
Харамсал гуниг л үлдэж 
Хайртай байсан чи дахиад л орхин одлоо ... 
Зүүд хөлөглөн зүрхэнд минь зочлох болгондоо
Зүсэр бороотой цуг ирдэг болхоор чинь 
Хаврын улирал .. 2012.01.17

одлоо

Чин сэтгэлээсээ догдолж хэлсэн үгс минь 
Чиний хөл дор унасан навчис шиг үймнэ ... 
Ихэмсэг зан өндөр өсгийтөөрөө чи
Итгэл дээр минь гишгэчин инээмсэглэн одлоо. 2012.01.23

Ид шидийн гэмээр учрал тавилан...

Бид хоёр л бие биендээ байгаа нь 
Ид шидийн гэмээр учрал тавилан... 
Бусад хүн яах нь хамаагүй 
Буруутай байсан ч энэ бодолд
Буруу үгүй догдлол бий...
Тэдний хорсол хоржооноос илүүгээр
Бидний хайр л үүрд оршино ... 
Эргээд харамсах хугацаа 
Ирээдүйд биднийг хүлээсэн ч 
Эргэж буцахгүй хайрлаж чадсан 
Ийм хүчтэй сэтгэл л үлдэнэ... 2012.02.27

*Хайртай үнэхээр их* гэхдээ

*Хайртай үнэхээр их* гэхдээ 
Харамлаж чадахгүй бусдаас 
Давтагдашгүй энэ гоо үзэсгэлэнг чинь
Даанч би ганцаар өмчилж дийлэхгүй... 
Бурхнаас чамд өгсөн энэ их хүндэтгэлийг 
Бусадтай хуваалцахгүйгээр би дааж чадахгүй
Бусдын зүрхийг ч бас хайраараа дулаацуулж 
Бусдын уруулыг ч бас үнсэлтээрээ төөнөөрэй 
Хэн нэгэн чамайг надаас илүү хайрлах цагт 
Хэзээ ч битгий намайг өрөвдөж санагалзаарай
Гоо үзэсгэлэн төгс төгөлдөр чамайг 
Гомдол харамсалаар үдэхийг би хүсэхгүй
Эс тэгвэл бурхны өмнө гэмтэн болж 
Эцэс төгсгөлгүй нүгэлд унана 
Харин үзэсгэлэнг чинь би хэзээ ч мартахгүй 
Хайрлаж явсандаа л хангалуун үлдэнэ сэтгэл минь... 2012.04.28

Яруу найрагч байх ...

Бороон дунд 
Хэн нэгэн алхана ... 
Болзоонд яараагүй 
Бодолд дарагдаагүй 
Зүсэр борооноос гунигаа эрж 
Зүгээр л алхаж байна тэр хүн... 
Яагаад ч юм ширтээд баймаар тэр хүн
Яруу найрагч байх ... 2012.05.11

Аз жаргалтай өчигдрийн хөлчүүрхэл ...

Өчигдөр орой согтсон өнөөдрийн 
Өвдөлтөөр дүүрэн тархинд минь
Өөрийн чинь тухай бодол л 
Өчигдрөөс үлдсэн ганц өмч... 
Шинэхэн байсан 
Шилэн хундаганд одоо
Хайрт чамайг хүссэн мөрөөсөл хийгээд 
Хацар даган урссан нулимс л үлджээ
Өрөөгөөр дүүрэн өчигдрийн дурсамж дотроосоо
Өөрийнхөө чамд үлдээсэн хайрыг хайлаа 
Өчүүхэн цаасан дээр догдолж бичсэн 
Хөлчүүхэн эрийн шүлгийг л олов 
Хэдийн явчихсан амрагаа үгүйлэн 
Хэнтэй ч биш ганцаараа халамцаж 
Азгүй дурлал хайраа санагалзсан ч 
Аз жаргалтай өчигдрийн хөлчүүрхэл ... 2012.05.28

Дүн өвлийг хүсэмжлэх

Дүн өвлийг хүсэмжлэх 
Цас цагаан сэтгэлд чинь 
Гүн дурлалын шарх болгож 
Час улаан сарнай үлдээе ...
Бэтгэрч цөхөрч гунихад чинь 
Бээрч даарсан ч сарнай минь 
Үнэнч сэтгэлийн өчил болж 
Үхэхгүй гэдэгт итгээрэй ... 
Өөр хэн нэгнийг хайрлаж 
Өр зүрх чинь халуунаар шатахад 
Гарцаагүй хайрын бэлгэдэл 
Ганц улаан сарнай минь 
Гандахгүй гэдэгт итгээрэй ... 2012.06.04

Чиний дугаар...

Үнэхээр мартахгүй чиний дугаар 
Үргэлжид утсан дээр минь 
Дугаараа чи сольсон байвч 
Догдолоо би солиогүй ... 
Хэзээ ч залгахүй байж магадгүй ч 
Хэрхэвч устгаж чадахгүй ... 
Нэг л өдөр дуудлага ирнэ гэсэн 
Нэг л гоё итгэл ... 
Нэг л гоё тэр итгэлийн цаана 
Нэг л гоё догдлол ... 
Хааяахан харж санаа алддагч 
Хааяахан харж баярладаг 
Чиний дугаар...  2012.07.30

Би бэлэн байна ...



Чи яг л 
Хүсэл мэт мэдрэгдэх 
Хясал ... 
Даанч хайрлаж болохгүй 
Дан ганц энэ амьдралын үгүйсгэл ... 
Хязгаар төсөөллөөс чамайг хайх нь 
Хэний ч амтлаагүй цөхрөл ... 
Шаналалт таашаалаасаа 
Тамлалт зовлонг мэдрэх үед 
Чиний төлөө яах ёстойг 
Миний чихэнд шивнэж хэлсэн 
Мефистофел ... 
Сүнсээ өгч гэрээгээ байгуулчихаад 
Сүүдрээ ширтэж чамайг хүлээнэ ... 
Хайрлагдаагүй сэтгэлээс чинь гэнэт 
Хайрлам инээмсэглэл тодорч 
Чи минь над дээр ирнэ... 
Чамайг л хайрлахын тулд 
Чамтай л хамт байхын тулд 
Чөтгөр хийгээд бурхантай ч 
Чөлөөтэй тохиролцоход 
Би бэлэн байна ...  2012.07.14 

Уйлан мэгших чамайгаа зүүдэлж

Уйлан мэгших чамайгаа зүүдэлж 
Үүрээр түгшиж сэрлээ хайрт минь 
Усан бороо цонхны цаана шивэрч 
Уйтай байна даа хонгор минь ... 
Яагаад чамайгаа уйлуулан зүүдэлж 
Яагаад би түгшиж цочин сэрэв? 
Танихгүй эрийн гэргий чамд минь 
Таагүй зүйл тохиолдоогүй байгаа 
Хайрлаад алдсан чи чинь 
Харанхуйд мэгшиж уйлаагүй байгаа... 
Үгүй ээ ... ингэж бодмооргүй 
Үнэнч хайрын биелэл болж 
Үнэхээр сайхан амьдрах ёстой чи минь 
Үргэлжид аз жаргал чамаас түгэж 
Үлгэр шиг амар сайханд жаргах ёстой чи минь... 
2012.08.12

Чамайг харахаар л Зүрхнээс ...

Чамайг харахаар л 
Зүрхнээс ... 
Зүг зүгт гуниг хийснэ 
Хичнээн удаан энэ гунигийг 
Хэний төлөө тээсэн юм бол? 
Намрын улирал 
Навчистай цуг 
Хийсч одсон гуниг минь ... 
Харин одоо 
Зүрхэнд минь 
Зуны нартай бороо 
Ямар удаан хүлээснээ
Яг энэ мөчид ойлгоход 
Яагаад ч юм 
Би чамд үнэхээр ... 2012.09.02

Уярмаар үгээ

Уярмаар үгээ 
Удаан тээсэн сэн ... 
Урдаас чинь ширтэж 
Учиргүй сандарч 
Хэлэх гэтэл ... 
Хэнэггүй харц чинь 
Бүхнийг төгсгөв... 
Хэлээ залгиж 
Үгээ зажилж 
Сархад хүртэж 
Санаа алдав ... 2012.09.23

Би тэр бэлэгээ*Хайр* гэж

Өөрөөсөө ч харамлаж чаддаг
Өөрийн чинь төлөө л хадгалдаг
Өвөрмөц нэгэн бэлэг надад бий ...
Гунихад чинь инээд бэлэглэчихээд л
Цөхрөхөд чинь итгэл төрүүлчихээд л
Уйлахад чинь уярал хайрлачихаад л
Ор мөргүй алга болчихдог бэлгийг минь
Огтоос чи минь мэдэхгүй ...
Зүүдэн дунд чинь хүртэл бэлэг минь
Зүрхэн хэлбэртэй гэрэл болж
Харанхуй шөнөөр ч чамайг гэрэлтүүлдгийг
Харин чи минь мэдэхгүй ...
Би тэр бэлэгээ*Хайр* гэж
Битүүхэн дотроо нэрлэдэг ...

2012.10.26

Чамайг санаад л Цас будраад л

Чамайг санаад л 
Цас будраад л 
Гадуур хүмүүс баярлаад л 
Гацуур мод гэрэлтээд л ...
Хайртай хүнтэйгээ 
Хамтдаа догдлоод л 
Харин би чамайг санаж
Хачин ихээр гуниглаад л ... 
Урьд нь авсан зураг чинь 
Урдаас минь харан инээмсэглээд л
Утсаа ширтэн суух би 
Уйтай нүдээр чам руу ширтээд л ... 
Гунигтай төгссөн ч гэсэн 
Гайхам догдлолууд үлдээд л 
Уйтгартай ч гэсэн шүлэгт минь 
Уучлал, итгэл, сэтгэл мэдрэгдээд л . 2013.12.15

Хаврын үдэш - бороо мэт

Хайрт чамайг зүүдэллээ
Хаврын үдэш - бороо мэт
Хайрын үг - болзоо мэт
Хачин ихээр догдоллоо ...
Дурсамжит бүхэн
Амьдрал мэт ...
Дурдатхал болгон
Аз жаргал мэт ...
Тэврээд үнсэх нь
Учрал мэт...
Тэвчээд хүлээх нь
Уучлал мэт...
Өөрийн эрхгүй
Чамтай л хамт байвч
Үүрийн гэгээ
Чихэнд нь минь
Амьдрал гэж
Шивнэхэд ...
Дэндүү хайрласан
Чи минь
Эндүү догдолсон
Зүүд л байж ...

2013.02.13

Чимээгүй зүүднээс

Маргааш өглөө гэхэд л 
Мартана гэж 
Үдэш бүр өөртөө амлавч 
Өглөө үүрээр чамайг
Үгүйлж зүүдлэн сэрэх ... 
Шөнө бүрийн үймсэн 
Чимээгүй зүүднээс 
Чиний үнэр өвөрт минь
Түгэхэд ... 
Чиний хуурмаг үнэн шивнээ 
Чихэнд минь цуурайтах ... 
Эцэс төсгөлгүй мэт 
Энэ их аз жаргал ... 
Үнсэлт мэт үнэн санагдавч 
Үнэндээ бүх зүйл ... 2013.03.12

Гуниг Харуусал Хүлээлэлт

Зүүдэн доторх 
Хонхон дуу
Чихэнд цуурайтахгүй ... 
Үүдэн цаана 
Ирэх чиний сэтгэл 
Хонх дарахгүй ... 
Цонхон дээр буусан
Удган болжмор
Чиний тухай жиргэхгүй ... 
Гуниг 
Харуусал 
Хүлээлэлт ... 2013.04.07

Зам гуниг хоёр

Гунигт аялгуу хаа нэгтэйгээс... 
Сарны туяа - харанхуй гудамж 
Надаас өөр хүнгүй ... 
Чихээрээ харж 
Нүдээрээ сонссон 
Сарны сонат лав биш ... 
Энэ бол сэтгэлийг минь 
Хөглөж өгсөн чиний 
Гайхамшигт аялгууны 
Төгсгөлийн блюз ... 
Төгсгөл нь яг л 
Пикассогийн цэнхэр үе шиг 
Хайр гэгч нь хагацал болж 
Харанхуйд цэнхэртэн уусах мэт... 
Цааш алхах замыг 
Нааш ирэх гунигтай минь 
Сарны цэнхэр туяа 
Сүлж орхих мэт 
Зам гуниг хоёр 
Намайг хөтлөнө... 2013.04.21

Учирч амжаагvй Чиний терх..

Сэтгэлдээ 
Зурдаг херег
Учирч амжаагvй 
Чиний терх... 
Хэзээ гэсэн асуулт 
Хэрхэн гэх догдлол 
Хэрэггvй энэ бvхэн...
Vнэн гэвэл 
Vнэхээр бид 2 
Учрана... 
Хэзээний бид 
Амрагууд... 
Чамд л хэлэх 
Энхрий vгс
Чанд нууцад 
Хадгалаастай... 
Итгэж хvсэж 
Хvлээх ...
Энэ л надад 
Хангалттай ... 
Хvрээд ирээрэй 
Наддаа ... 
Хvсэл минь биелнээ 
Удахгvй... 2013.05.31

Гэрч болсон хуудаснууд чинь...

Миний хамгийн хайртай 
Ном бол – Чи ...
Эхний хуудсыг чинь 
Нээгээд л би 
Энгүй хайрын тухай 
Шүлгийг уншиж 
Дурлаж хайрлаж үзээгүйгээ 
Догдолж гайхширсан ... 
Дараагийн хуудсыг чинь 
Нээхдээ би 
Аз жаргал хийгээд 
Амьдралын тухай уншиж 
Амьдарч дасаагүйгээ 
Алмайрч гайхсан ... 
Мэдээгүй 
Мэдрээгүй 
Гэгээн бүхний минь
Гэрч болсон хуудаснууд чинь... 
Эргэх бүрт 
Сэргэх мэдрэмжүүд ... 
Огтоос өөр... 
Миний хамгаас хайртай 
Цорын ганц 
Ном бол - Чи ... 2014.11.28

Урлагт, яруу найрагт...

Vзэг барьсан Пикассо 
Худагт хевсен сарыг 
Шvлэг болгон хувиргахад 
Согтуу Ли Бо 
Солгой гараараа 
Мууртай Дора Маар ноороглоно... 
Хегширч етелсен Кафка 
Дvлий чихээрээ 
Сарны сонатаа тоглоход 
Хорхойд хувирсан Бетховен 
Холын холоос 
Аавдаа захидал бичнэ...
Аархуу сагсуу Чехов
"I believe in America" гэж 
Алдар нэрээ тунхаглахад 
Эелдэг даруухан Копола 
Интоорын цэцэрлэгээ
Тайзан дээр ургуулна...

Урлагт, яруу найрагт, vргэлжилсэн vгд, сонгодог хегжимд, уран зурагд, театрд, кинонд vнэнч vлдсэн бvх уран бvтээлчдэд АТААРХАН бичив... 2014.11.11

Чиний үнэр түгнэ

энгэрийн хязгаар хаяа руу
Чамтай цуг 
Нисэж байна гэж зvvдлэхэд ... 
Өдөн дэрнээс минь
Үүлсийн үнэр ханхлана...
Өвөрт минь харин
Чиний үнэр түгнэ... 2014.07.08

Blue period оор

Чи эгнэшгүй хүчтэй
Blue period оор 
Сэтгэлээ будчихаад 
Сэмэрч явахад 
Чи таарсан... 
Омголон бай! 
Зүрхтэй бай!
Ондоо бай гэж! 
Харцаараа хашгирч
Хайраараа алгадчихсан... 
Өчүүхэн дорой сэтгэлийн 
Гүнд нуугдсан 
Аймшигт Мефистофел 
Сэрэх шиг болсон... 
Омголон зүрхний цохилт 
Тодорсоор 
Мефистофел 
Томорсоор ...  
2014.04.21

хэлэх үгийн минь цуурай

харанхуй өрөөнд 
хүйтэн хөнжилд 
ганцаар хэвтэвч ... 
гал халуун хайр хийгээд 
ганцхан чинийхээ тухай 
зүүдлэн мөрөөдөж 
зүүрмэглэн нойрсоно ... 
хахир хүйтэн өвөл гэнэт 
хавар болон хувирч
шаагин орох бороонд чи минь
шүхэр барин инээмсэглэнэ 
ямар удаан хүлээвээ чамайгаа 
ямар үзэсгэлэнтэй юм бэ чи минь?
хэлэх үгийн минь цуурай 
илэх хацрын чинь булбарай 
ийм тод
ийм зөөлөн 
ингэж зүүдлэж сэрнэ 
ингээд л удахгүй чи ирнэ 
итгэнэ ...


2013.12.15 

Хаа холын одод руу

Навчис үнэндээ 
Газарт бус 
Тэнгэрийн зүг нисэлдэнэ... 
Хатаж шарласан биеэ л 
Харин газарт үлдээн 
Хаа холын одод руу
Хайртай чиний минь 
Хүсэл болж тэмүүлнэ ...
Хязгааргүй тэнгэрийн 
Хүрэшгүй чанадаас тэгээд 
Хаяагүй будрах цасан болж 
Хайрлам чиний алган дээр 
Хайлан уярч бууна ... 


2013.10.01

Бараан гунигууд...

Уй гунигт 
Бороон өдрүүд 
Бараан гунигууд... 
Навчисын шарлах орь дуун 
Намраас ирэх уйтгарт дуун 
Цонхны минь цаана хэдийнээ 
Цурхиран уйлсаар удлаа... 
Бүдэгхэн дурсамж мэт 
Бүүдгэр тэнгэр 
Бараан үүлс 
Нулимс урсган мэгшинэ... 
Заримдаа амьдрал 
Залхмаар уйтай
Уйтгарт 
Бороон өдрүүд 
Бараан гунигууд...

2013.08.12

Дандаа би ганцаараа сэрсэн

Өөр хэнийг ч биш 
Чамайг л хүлээсэн... 
Учрал болгоны төгсгөлд 
Уйлахгүй баярлахгүй байж 
Чадсан , дассан... 
Чамайг л хүлээх гэж 
Чиний л гараас атгах гэж 
Дандаа би ганцаараа явсан ... 
Үүр шөнийн зүүд бүхэнд 
Өвөр дээр минь эрхлэх 
Дарь эх минь ... 
Чамайг л хүлээж 
Дандаа би ганцаараа сэрсэн ...


2013.06.24 

Ганцхан шалтгаан

Хар цагаан 
Амьдралд ... 
Хайр гэгч юу эсэх? 
Хамгийн удаан 
Хайсан
Хариулт нь 
Чи байж... 
Чамтай танилцсан үдэш
Тэртээх 
Тэнгэрийн одод 
Гал улаан гэрэлтэй
Гартаа атгахад 
Ямар ойрхон ... 
Чамтай сэрсэн өглөө
Мандах 
Нарны тусгал 
Солонгын долоон өнгөтэй 
Харж мэдрэхэд
Ямар үзэсгэлэнтэй ... 
Сайхан бүхний 
Орших ... 
Гайхам бүхнийг 
Мэдрэх ...
Ганцхан шалтгаан
Чи минь ... 


2013.05.02 

Хайр энхрийлэл мэт ганц дусал дарс ...

Хатаж омголдсон уруул дээр минь 
Хайр энхрийлэл мэт ганц дусал дарс ... 
Хурууны чинь өндөгнөөс чинь дуслахад 
Хувь тавилан ямар хямдхан юм бэ? 
Хуучирсгүй залуу нас гэж бахдсан ч 
Хором хормоор үдэж гаргах гунигархал 
Хаашаа ч юм бэ одсон тэр нэгэн бүсгүй 
Хаа холын холд үлдсэн үнэнч тэр дурлал ... 
Эргээд ирэхгүй цаг хугацааны эцэст 
Ирэх ёстой түүнийгээ хүлээх итгэл 
Зүрх сэтгэл дотроо нууцхан шивнэх 
Зориулж чамд хэлэх энхрий үгс... 


2013.07.14 

Үзэсгэлэнт галт гэрэл - Чи

Харанхуйн дундах 
Үзэсгэлэнт галт гэрэл - Чи 
Хаа холоос чам руу 
Тэмүүлэх гэнэн эрвээхэй - Би 
Ойртох тусам 
Илчэнд чинь уярч 
Ондоо бусадтай хамт 
Чамайг л тойрон эргэлдэнэ ... 
Гал халуун хайрыг чинь 
Ганц ч удаа боловч мэдрэе гэж 
Зориг гарган чамдаа хүртэл
Зоргоор дүүлэх далавч минь 
Түймэр мэт авалзаж 
Түнэр харанхуйн гүн рүү 
Намайг авч одлоо ... 
Дахиж чамдаа 
Хэзээ ч хүрч чадахгүй ч 
Гал халуун хайранд чинь 
Ганц л удаа хүрсэн нь 
Гайхамшигтай сайхан ...


 2013.08.04

Дусал бүрийн үнэрээр...

Хичнээн удаан 
Чамайгаа хүлээснээ 
Мартажээ... 
Эцэстээ 
Цаг хугацаа хүртэл 
Хүлээлтийн минь
Өмнө өвдөг сөхөрч... 
Орон зайнаас
Цаг хугацаанаас 
Ондоо нэгний хайраас 
Одоо чамайгаа би нэхэхгүй... 
Орох борооны 
Дусал бүрийн үнэрээр 
Норох моддын 
Навчис бүрийн чимээнээр 
Чинийхээ үнэрийг 
Чинийхээ дууг 
Мэдэрч байна ...
Хэзээ ч ирэхгүй 
Байсан ч
Хэзээний чи минь 
Наддаа ирж ... 
Хаврын бороо 
Будрах цаснаар 
Хажууд үргэлж – ЧИ 

2013.11.03

Тэмдэглэл

Саяхан хэд хоногийн өмнө өөрийн сошиал ертөнцөөс бичсэн бүх шүлгээ түүж авах ажлыг өөртөө зориулж хийлээ.

"Үүлэн дундуур 
Дүүлэн нисэх загас 
Гүн далайн ёроолд 
Зөн нисэх шувууд... 
Хээрийн салхинд 
Бээрийн зайд хийсэх 
Бул хар чулууд ... 
Оддын зүгээс 
Моддын доор харвасан 
Гал шаргал навчис..."
Харах нүд хуурамч 
Сонсох чих худал 
Дэндүү цөөхөн өгөгдөлтэй 
Амьдрал ...


2014.08.21

Sunday, November 22, 2015

Хамаагүй ...

Аадар бороо орход 
Инээмсэглэлийн чинь 
Цаанаа гуниг нуугдаж 
Хэн нэгний төлөө чи
Сэмхэн санаа алддаг ... 
Харин би 
Бүүдгэр өдөр цас орход 
Бүгдээс хөндийрөн
Ганцаар алхаж 
Дурсамжаа санагалздаг... 
Гэхдээ энэ бүхэн 
Чи бид хоерын
Өнөөдрийн хайрыг 
Үгүйсгэж чадахгүй... 
Өнгөрсөнд чи хэнд 
Хайртай байсан 
Магад ирээдүйд 
Надаас өөр 
Хэнийг хайрлах нь
Хамаагүй ... 
Өөрийн минь дэргэд 
Одоо байгаа нь л 
Зүрхийг цохилуулсаар 
Зүүдийг цахилуулсаар... 
Би амьдарч бас 
Амьсгалж байна... 




Sunday, September 13, 2015

Цэцэгсийн цанан мандал





Цас орсон өглөө
Цаг хугацаа зогссон... 
Цантсан цонхон дээрх
Цэцэгсийн цанан мандал 
Цаанаас  
Бүдэгхэн тэмдэгрэх  
Цагаан өглөө...  
Гуниг төрүүлэвч 
Орцноосоо гархад 
Нүд гялбуулах 
Ондоо ертөнц 
Сэтгэлд цагаан ...
Энэ цасан дунд  
Ирээдүй гэгч рүү 
Тэмүүлэхгүй
Өнгөрсөн гэгч рүү 
Өнгийхгүй 
Зүгээр л зогсмоор... 



Wednesday, September 9, 2015

Намар чи

Намрын улирал... Оройн жихүүнд гудамжаар алхахад нэг тийм хэзээний ч гэх юм танил тодно мэдрэмж. Уйтгартай. Гэхдээ л хүн гэдэг амьтан уйтгар гунигт автах үедээ л өөрийнхөө тухай жинхэнээсээ эргэцүүлж чадах юм даа.  Үдэш бүр гэртээ ганцаараа байхад - бодлогоширох магадгүй бясалгал ч хийж болох тийм чимээ аниргүй ертөнцөд би амьдарч байна... 

Хайрын тухай гэнэн хийгээд гэгээн төсөөлөл минь одоо ч надад хадгалагдсаар байгаад би хэзээ ч гайхаж байгаагүй. Учир нь би яруу найраг шиг хайр дурлал байдагт итгэдэг. Байхгүй байлаа ч байлгаж болно гэж найддаг. Бүсгүй минь би чамайг санаж чамтай уулзахыг ямар их хүснэ вэ? Гэхдээ би яагаад энэ бүхний төлөө юу ч хийж чадахгүй байна вэ? Утасны цаанаас л сонсож байгаа чиний дуу хоолой... 

Өөртөө зориулж нээсэн блог минь... Өөрийн минь өврийн дэвтэр. Би хэзээ нэгэн цагт жиэхэнэ уран бүтээлч болох ёстой... 

Wednesday, August 19, 2015

Яагаад ч юм

Яагаад ч юм 
Намайг хүлээгээд байх шиг 
Надад эрхлэх гээд байдаг 
Бүсгүй танхил хүслийг чинь 
Бүлээн гараас чинь тэмтэрдэг ч ... 
Хөтөлж хэзээ ч явахгүйгээ
Өтөлж хамтдаа оршихгүйгээ 
Мэдрэх ямар их 
Эмзэглэлтэй гээч ... 
Үргээж нисгэчимээр 
Чиний хайр 
Үлдээж золиосломоор 
Чиний сэтгэл...  



Tuesday, August 18, 2015

2015.08.19 - 2035.08.19

Би энэхүү бичлэгийг 2035 оны 8 сарын 19-нд зориулан бичиж байна. 50 настай би... уншина. Хүн хэзээ ч мартамгүй тэмдэглэлт өдрийг мартдаггүй бол энэ өдрийг зүгээр л жирийн өдөр байсанаар би эргэн дурсах болно. Энэ интернэт гэсэн зүйл оршиж л байвал эргээд унших боломж гарна ...
50 настай би-д
Өнөөдөр бороотой өглөө байлаа. Өчигдөр найз нартайгаа нийлээд 4-5 шил пиво уусан... Жаахам согтсон бас л бороотой үдэш сэтгэл хөдөлсөн. Гэртээ харьсан ганц бие залуугийн амьдрал хоосон гэр... 5 сарын 25-нд яг ийм бороотой үдэш болзсон тэр жаахан охиныг санасан догдолсон. Сар гарны өмнөөс тэр утсаа авахаа больсон гэхдээ л авна гэж найдсан итгэсэн залгассан аваагүй, хэдэн мөр мэссэж бичсэн хариу үгүй.
Өнөөдөр бол жирийн л өдөр бүрхэг тэнгэртэй бороотой машинуудын сигнал - ажилдаа яарсан хүмүүс, онц гойд юмгүй өдөр.
Ирээдүй рүү бичиж байгаа юм чинь хамгийн гоёоор төсөөлж байна... Тавин настай би... 3 хүүхэдтэй хайрт хань минь энэ бичлэгийг надтай цуг уншина. Чамтайгаа учрах гэж л би өдий хүртэл ганцаараа явна. 20 жилийн дараа уншуулах ч гэсэн би чамдаа хайртай шүү учраагүй ч гэсэн...
Яг одоо Алла Пугачева гийн Позови меня с собой гэж дууг сонсож байна, бас ганцаардаж байна... Гэхдээ ингэж их ганцаардсаны минь шагнал болоод чи минь надад ирнэ гэж итгэсээр... Ирээдүйн надтай цуг уншиж байгаа эхнэртээ хэлж байна шүү. Амьдрал бол хэтэрхий богинохон, гэхдээ хэтэрхий богинохон болхоор л амттай байгаа гэж боддог ... За тэгээд 50 настай би-д зөвхөн зориуллаа... Залуу насаа дурсаарай энэ бол дурсамж гэхдээ албаар тэмдэглэж үлдээсэн дурсамж түр баяртай 20 жилийн дараа уулзая

Sunday, August 16, 2015

Дусал борооны үг

Зүрхнээс чинь
Аргамжсан сэтгэлийн
Уяа ...
Чамайг хүлээсэн
Хүлээлтэнд
Чамаас хөндийрч
Ямар ихээр сунаа вэ ?
Чамгүйгээр амьдарч
Чамгүйгээр нойрсож
Чадсан итгэл минь
Хэдийнээ мохжээ...
Иргүй итгэлийнхээ
Мохоо хайчаар
Эрчлээтэж сунасан
Эмзэг уяагаа
Ингээд би чинь
Хайчиллаа...
Эргээд уях тэнхэл
Сэргээд дөхөх сэтгэл
Харамсалтай нь
Үлдсэнгүй...

Tuesday, July 28, 2015

Дууль

Хатуужсан сэтгэлийн 
Тэнхээгээ бартал чамд
Хайртай хэвээрээ үхэхсэн... 
Нөхөр чинь болж 
Амраг чинь байж 
Бүүвэйн дуу аялахад чинь 
Бүрэлзсэн нулимстай 
Нүдээрээ чамайг ширтэхсэн... 
Итгэлийн тухай үлгэрийг 
Энхрий үрдээ ярьж өгөхсөн 
Сэтгэлийн тухай шүлэгээ 
Энгүүн чамдаа уншихсан... 
Алдаа онооны ард ч өмнө ч 
Амьдрал үхлийн хойно ч урд ч 
Амраг чамтайгаа л байхсан... 

Friday, July 17, 2015

Nowadays

Ойрын 2-3 хоног бороотой байлаа. Би үдэш бүр гэртээ унтахдаа бүхий л цонхоо нээгээд бүр нэг аянга цахилгаантай аадар бороог хүсэмжлэн хэвтэх хэдий ч цочоод сэрэх чимээ аниргүйг чагнан нам унтчих юм. Тэгээд өчигдөр гэв гэнэт шүлгийн ном уншъя гэж бодоод номын сангаа ухлаа, тэр олон номон дундаас ном олсонгүй. Эргээд бодход шүлэг бичиж догдлож суух минь үргэлж л уншихаас хамаардаг байсныг ойлголоо. Уншиж л байвал би бичиж чадна... Сэтгэлийг минь догдлуулах хүн бий болсон тухай хэзээ ч юм мартагдсан хайр дурлалын тухай мэдрэмжээ хэн нэгний шүлэгнээс мэдэрч өөрийн гараараа бичихсэн... Яруу найраг энэ үг яг л гүн хязгааргүй гуниг шиг эсвэл хэзээ ч ойлгож мэдэрч чадамгүй догдлол шиг надад санагддаг...

Tuesday, June 30, 2015

Чимээгүй

Бүхэл шөнө 
Зүүдэндээ бус 
Төсөөлөлдөө чамтай цуг ... 
Таазан дээрх чиний 
Инээмсэглэсэн төрх
Цаасан дээрх чиний
Тухай шүлэг... 
Чимээгүй аниргүй 
Өрөөндөө
Чамтай мөртлөө
Ганцаараа... 
Хүсэмжит бодлуудынхаа
Боол нь болж 
Хүлээсээр л байгаа би чамайг... 

Thursday, June 11, 2015

Rain



 Алгаа тосон
Бороон  дунд
Инээмсэглэн зогсох
Чинийхээ гарыг 
Бороон дуслаар бус
Сэтгэлээрээ норгож...
Ихэмсэг харцны
Эрхэмсэг догдлолын 
Илэрхийлэл
Инээмсэглэл чинь болохсон... 


Monday, June 8, 2015

Мay 25

Бүүдгэр тэнгэр
Бүрэнхий үдэш...
Бороо, Шүхэр
Чиний харц ...
Хэзээ ч билээ ингэж
Догдолсон юм шиг
Хэнийг ч билээ ингээд л
Хүлээсэн  юм шиг ...
Дотно гэхэд дэндүү
Ийм л үдшийг
Тийм удаан хүсэмжилсэн
Сэтгэлээ чагнан алхахад
Бороон чимээ улам л тод...
Аз жаргал гэгч
Ганц л хормын үзэгдэл
Амьдрал гэгч нь
Харин зөвхөн ЧИ... 


Leavin Las Vegas

Харцны чинь цаана
Зовлон шаналалын баг зvvсэн
Аз жаргал нуугдана...
Тэврээд хэвтэхэд чинь
Тэнгэрт мэт... Жингvйднэ...
Бид хоер хэзээ ч енгерсенд оршоогvй
Бидний эхлэл тегсгел байх болно...
Vхэл биднийг улам дотно болгоно
Зvхэл бидний улам алдаршуулна
Алганы чинь хээ
Амьсгалах агаар чинь
Би болно...
Хэний ч ойлгохгvй хэлээр
Хайртай гэдгээс гое vгийг
Би мэдэрсэн сонссон...
Тэгэхээр чамайг тэврэе
Тэгээд чамайг орхие...


Thursday, April 23, 2015

Нойр хулжсан

Нойр хулжсан шөнийн
Аниргүй харанхуйд
Чиний төрх
Гэнэт тодорно...
Гэрэл хүсэл
Хоёрын гялбаанд
Иржээ гэсэн итгэл
Сэтгэл дотор хуравч
Сэрчихлээ гэдэг гутрал
Бодол дундуур цуурайтна... 

Friday, April 10, 2015

Home alone greyz



Саарал хотын 
Дээр 
Сар алга... 
Үнс нурам шиг 
Үүлс ... 
Дэндүү саарал 
Цонхон цаана дүнсийх хот минь 
Хонхон чимээ чагнах ганцаардал минь 
Хэн нэгэн ирээсэй 
Энэ нэгэн орой ... 

Friday, April 3, 2015

Ийм нэгэн үдэш

Ийм нэгэн үдэш
Чамд хайртай байснаа баталж
Хаашаа ч хамаагүй одохсон
Ийм нэгэн үдэш
Чамд хайртайгаа мэдэрч
Хаанаас ч юм ирэхсэн ...

Өчигдрийн маргааш

Өнөөдөр бичсэн шүлгээ
Өчигдөр чамдаа уншсан бол
Маргааш чи минь наддаа ирэх байлаа...