Tuesday, February 2, 2016

Part-ner !!!! 2010-08-30

Эмзэглэлгүй, харамсалгүй
Тэмдэглэлгүй, дурсамжгүй
Тэр өдрүүдээс үлдсэн 
Энэ Хагацал...
Бидний өнгөрүүлсэн
Цаг хугацааны 
Цаана нь - ЧИ
Наана нь - БИ
Хэнтэй гэж асуухгүй
Хэзээнээс гэж шалгаахгүй
Хуучин гэж дурсахгүй
Хувирсан гэж гомдохгүй
Явуулна. Чамайг ...
Гэхдээ!
Хайр үгүй ч, дурлал үгүй ч
Тэр сужет 
Хуурмаг үзэгдэл байгаагүй... 
Эргээд нэг дайралдахад
Инээмсэглээд л зөрөе!

Эргэж битгий хараарай...

Цааш алхах чиний араас ... 2010-07-28

Эргэж харахгүй
Цааш алхсан
Чиний араас
Хүслээ далдлахгүй
Хөлийг чинь ширтэж хоцорсон ...
Ер бусын алхаа
Хар туфлээрээ 
Зүрхэн дээр минь
Товшиж одсон чи ...
Өндөр өсгий чинь 
Өр зүрхэнд шигдэж 
Өвтгөж байсан ч... 
Зөвтгөх чадахгүй
Тэр учралыг 

Мартахгүй ...

Дээшээ 2010-07-08

Тааз ширтэлт - Уйдалт
Хэн ч хажууд хэвтээгүй
Орон зай, он жилүүд ...
Таазан дээгүүр
Урсан өнгөрөх
Зураглал :
Кино мэт дурсамжуудаас
Чиний төрхийг ажих ...
Уйтгар , ухаарал мэт
Гиюүрэл :
Гэнэн дурлалд гэгэлзсэн 
Нэгэн хайрыг санах мөч
Эргэж ирэхгүй цаг хугацаанаас
Эгэл өдрүүд л үлдсэн...
Гунигтай шүлгийн
Төгсгөлд: 
Хэнээс болж уйтгарласнаа 
Өөрөөсөө нуухгүй 

Чиний үлдээсэн гуниг ...

Хэрмэл Гитарчин /Mr.A-Z/-д 2010-06-18

Хэрмэл гитарчин
Алхаж явна...
Хэнээс юу ч гуйх
Хэрэггүй амьдралыг
Хэнэггүй туулах
Сайхан...
Зургаан утасны 
Аялгуугаар
Зугаатай тавилангаа
Хөглөж ...
Зуурдын амьдралыг
Зовохгүй туулах
Тэнэмэл Гитарчин...
Жаргах нарны туяанд
Замын хажууд саатаж 
Жаргалын тухай дууг
Өөртөө дуулах
Жаргалтай Гитарчин...
Зөрөн өнгөрөх 
Бүсгүй бүрийг 
Замын турш
Магтан дуулсаар
Замаа хөөн алхах

Хэрмэл гитарчин ...

Түүнд өгөхгүй сарнай 2010-06-16

Чамд өгөх сарнай
Хавар шиг өнгөтэй
Чиний нүдээр
Намар шиг л ... 
Миний сэтгэлд
Ургасан тэр сарнай
Чиний харцанд
Хэдийнээ хатчихсан...
Өөрт чинь өгөхгүй
Тэр сарнай
Үхээгүй ...

Харц чинь "хайр" биш гэж шивнэнэ 2010-06-03

Хүсэл чинь
Үнсэлт чинь
Үнэн зэвүүн
Бүсгүй минь...
Догдлохгүй, хайрлахгүй
Уулзавч ...
Догдолж учрах шөнө бүр ...
Чиний шаналалтай мөртлөө таашаамаар дууг
Сонсох тарчлалд
Сар сэрч, үдэш үүрэглэнэ...
Бие чинь намайг урин дуудаж
Эр хүсэл чиний дотор урсах агшинд 
Сэтгэлд үүр цайж, итгэлд хайр нойрсоно...
Гэгээ орох уйтгарт агшинд
Харц чинь надад
Энэ "хайр" биш гэж шивнэнэ... 
Хүсэхгүй, үнсэхгүй гэж
Өөртөө чи андгайлавч
Бүсгүй минь...
Шаналалт дууг чинь сонсож

Шаналахгүй байж би чадахгүй...

Учрах ёстой түүний - уруул

Төсөөлөлд оршдог тэр бүсгүйтэй
Таарах гэж хүсэх...
Өөрөөсөө түүний нэрийг асууж
Өөртөө шивнэж хэлэх...
Хэлэх ёстой "....." энхрий үгийг
Хэнд ч хэлэхгүй хадгалах ...
Зөрөн одох бүсгүйн харцтай
Зөвхөн түүний харцыг адилтгах...
Учрах ёстой түүний  -  уруул
Уулзах ёстой түүний  - инээмэглэл
Мөрөөдөж хүсэхэд шүлэг болох...  
Мөдхөн гэж хүлээхэд

Маргааш учрах ...

2010-05-20 

Бүсгүйн харц 2010-03-22

Хаа нэгтээ таарсан учрал шиг...
Чиний харцнаас
"Хайр" гэж юу болохыг мэдрэв...
Дэндүү олон жил
Эндүү бодон хүлээсэн
Тийм "Хайр"-ийг
Харц чинь надад мэдрүүлэв...
Зүрхэнд биш, сэтгэлд бус
Зүгээр л харцанд
Үнэн "Хайр" гэрэлтдэг.
Үзэсгэлэнт харцнаас гэрэлтсэн
Үнэн хайрыг
Үгээр илэрхийлэх нь

Утгагүй мэт...

Халамцуу залгалт - утасны цаанаас мэдрэгдэнэ

Зоригтой, шартай, өөрийнхөөрөө, мөрөөдөмтгий
Охин - бүсгүй хүн, халамцуу ЗАЛГАНА.
Халамцуу залгалт - утасны цаанаас мэдрэгдэнэ
Хүсэл сэтгэл хязгааргүй - Эрх чөлөөт
Очих замд орсон цас, оройн цаг
Огт саад болохгүй...
Талимаа нүд, хэнэггүй инээмсэглэл
Танил эхүүн үнэр, тамхины утаа
Сүрчигний үнэрт холилдоно...
Согтуу биш гэвч - Хяналтгүй
Хяналтгүй залгалт зөвхөн над руу
Араас нь хөвөрч гарах үйлдэлүүд
Араншингаа таниулахад бэлэн...
Өөр зүйл ярихгүй
Өөрөөрөө байгаад чинь баярлана...
Сайн танихгүй
Нэр, нэрээ мэдэх ч 
Сайхан таашаал

Бүх зүйлийн ЭХЛЭЛ ...

2010-03-17 

Зүүрмэг үдэш /Хувилбар 2/ 2010-03-09

Чи ирэхгүй ...
Хүлээлт үгүй...
Тэргэл сар үгүй тэнгэр
Гэрэл гэгээ үгүй гудамж
Догдлол үгүй сэтгэлд ...
Үдэш "Нойрсоно"
Үгээр илэрхийлэхгүй
............ ийм "ГУНИГ"
Өрөөнд үүрэглэнэ...
Өрөө зүүрмэглэнэ...
Салхи үлээхгүй
Хөшиг хөдлөхгүй
Санаа алдахгүй
Үдэш - Чи ирэхгүй...

Амьсгалах чимээ
Сонсогдохгүй

Үл мэдэг... Үдэш

Дүр төрх ... 2010-02-17

Санаанд тод үлдсэн хэрнээ
Төсөөлөлд бүдгэрсэн "Дүр төрх"
Энхрийхэн цагаахан зөөлөн арьс
Эвлэгхэн улаахан хүсмээр уруул ...
"Хайр сэтгэл" гэдэг зураач
Тодоос тод гэрэлтүүлсэн ...
Харин дараа нь
"Цаг хугацаа" гэдэг бийрээр 
"Дурсамж дурдатгал"-ын өнгөөр
Бүдэгрүүлсэн...
Усанд ууссан төрх чинь
Уйлаад будаг нь урссан царай шиг
Эмзэглэм харагдсан...

"Дүр төрх" чинь

Харанхуйн гэгээ 2010-02-12

Уртаас урт гудамжны үзүүрт
Сарны туяа, нарны цацраг мэт гэгээ ...
Гэрэлтэж харагдах тэр төгсгөл рүү
Гэгэлзэж догдлон яарна ...
Харанхуйн төгсгөлд гэгээ байдгийг
Хаа нэгтээгээс сонссондоо итгэнэ ...
Хар өнгөнөөс цагаан өнгө гэрэлтдийг
Харах нүд минь надаас нуусан гэж бодно...
Харахчгүй мэдрэхчгүй байж магадгүй ч

Харанхуйгаас айлгүй гэрэл гэгээ рүү тэмүүлнэ

The Singer 2010-02-05

"Уйтгарт хайрын түүх минь
Уяхан сэтгэлийн гэгээ минь
Сөрж тэмцсэн амьдралаас минь
Зөрж буцсан амраг минь..." 
Аа, аа, аа...
Дуулах дууны аяснаас
Дундуур сэтгэлийн үгс
Дотор харанхуйлан гарах ч
Дуучин тэр үзэсгэлэнтэй... 
Гунигламаар дууны уянганаас 
Гоо үзэсгэлэнгийн хөг сонстож

Дуу уянгална...

Self Portrait... 2010-01-29

Өөрийнхөө урдаас ширтэж байгаад
Өөртөө хэлье...
Чи эзгүй сэтгэлийн эзэн хэдий ч
Би энгүй бүхний эхлэл болно...
Чи амьдрал гэдэг жүжгийг 
Араас нь ширтдэг үзэгч хэдий ч...
Би абсурд үйл явдлын год дүр
Амьдралаас ирсэн түүнийх байх болно.
Чи бусдын эсрэг сөрөн алхдаг ч...
Би зөрөн алхах түүний гараас атгах л болно...
Чи бусдаас өөрөөр бүхнийг мэдэрдэгч
Би түүний төлөө гуниглахгүй байж чадахгүй...
Гунигийн тухай, хүслийн тухай, хайрын тухай
Гудамжинд зөрсөн түүний тухай...
Энгийн, энгийн бусаар бичсэний төлөө л
Ингэж би чамд хэлмээр байна...
Нэг амьдралд хоёр хайрлахгүй...

Нэг дүрд хоёр тоглохгүй...

Хүсэл мэт

Хүсэл мэт
Хүлээлт мэт
Чиний харцнаас
Өөрийгөө олж харах зориг
Хүрсэнгүй ...
Өөрт чинь хэлэхгүй
Өөр хэн нэгэнд ч хэлэхгүй
Миний үгэнд
Чиний эрх чөлөө
Чиний дурлал хайр
Оршихгүй...
Хүсч ирсэн мөрөөдөл чинь
Хясч буцсан төөрөгдөл болно...
Хайрлахгүй гэхдээ үзэн ядахгүй...

... мэт

2010-01-18 

2009-12-27


2009-12-27 18:57:01
 Хааяа надаас чи үнэртдэг
Чиний үнэр ...
Хаврын бороо ороход
Догдлол цонх даган урсахад
Сэтгэлд - эрт цагийн учрал
Бүдэгхэн дурсамж
Солонго татахад
Чи надаас үнэртдэг...
Чиний үнэр...
Навчис намрын тухай дуулж
Модод уйлахад
Бодолд - болзоо, хүлээлт, үнсэлт
Бороо ороход...
Чи надаас үнэртэнэ...

Чиний үнэр 

Эзгүй сэтгэл 2009-12-20

Алсад одсон
Шувуудын ганганаа
Тэнгэрт үлдсэн ...
Тэр дуунаар өглөө сэрнэ.
Өвлийн жавар
Чиний тухай
Чихэнд шивнэж
Чиний төлөө залбирна...
Дурлал хайргүй өдрүүд
Дуусашгүй үргэлжилнэ...
Өрөөлийг тас мартаж
Өөрийгөө танин ядна...
Эзгүй бас биегүй сэтгэл
Энд тэндгүй тэнүүчилж
Ганцхан хоромын хугацаанд

Ганцхан чамд хорогдоно...

Абсурд жүжгийн дууль... 2009-11-09

Хөшиг нээгдлээ
Хөгшин өвгөн, таяг тулан
Тайзан дээгүүр явж өнгөрнө ...  
Гунигтай тэр өвгөний
Гутал чирэгдэх чимээ л сонстоно
Тайз эзгүй...
Харин гэнэт инээд алдсан жаал хүү
Хаа нэгтээгээс гарч ирнэ
Юуны ч тухай байж магадгүй
Ер бусын аз жаргалтай дуу аялан өнгөрнө
Тайз эзгүй
Хөшиг...
Амьдрал хийгээд үхлийн тухай
Аз жаргал хийгээд гунигийн тухай
Абсурд жүжгийн дууль

Алга ташилтгүй...

Чи... 2009-10-30

2009-10-30

Сонгодог шүлгийн мөр шиг
Содон хэрнээ ихэмсэг
Чиний харц ...
Чимээгүй орчны
Зогссон цаг хугацаа бол
Чамайг харах агшин ...
Хүнийрхүү инээмсэглэл нь
Хүрч ойртох боломжгүй
Хүлээс ...
Харсан нүд гэмээ нууж
Хөшсөн бие хүслээ далдлана
Санаа алдалт чамайг үдэж
Салхин аясаар замхарч одно

Чи явна...

Тодорхойлох нь ...


Минийхээр...
Беккет - харц, Чехов - инээмсэглэл
Үйл явдлын өрнөл хийгээд утга , утгагүйдэл
Шекспирийн 3 чөтгөр ,Макбет ...
Эсхилийн эмгэнэл  бол Жүжиг.
Рембо - залуу нас, Паунд - ухаарал
Пушкиний дурлал, Ахматовагийн нулимс
Ли Байгийн саранд хэлсэн нууц ,
Хайяамийн хөлчүүрхэл, сэрэл
Гуниг хийгээд сэтгэлийн өнгө аяс
Сапфогийн үхэл бол Яруу найраг.
Акутагава - шинэ сэрэхүй, Уайлд - эргэлзээ
Жойсийн хардалт, Маркесийн ид шид
Мартагдсан хурандаа, амьдрал бол нэг өдөр
Достоевскийн шийтгэл бол Үргэлжилсэн үг.  

Бүгд минийхээр...

Эсрэгээрээ 2009-10-07

Анх харахад чи
Шүүдрийн дусалд шингэсэн
Нарны  цацраг шиг байсан
Эмзэгхэн , бяцхан , яруу...  
Анх мэдрэхэд ...
Чи зүүд шиг
Чимээгүй , авцалдаагүй
Тааламжтай байсан ...
Учир битүүлэг, хэлбэргүй ...
Байсан.
Харин одоо
Чи цаг хугацаа шиг

Байна... Эсрэгээрээ

Modern " Moment "

2009-10-05 10:03:08
Хүслээ хөтөлж явсаар
Хөл минь цуцав
Хүсэл минь буцав...
Цөхөрсөн сэтгэл
Хөлийг минь зөөв
Хүслийг минь хөөв...  
Эхлэлгүй замын уртаас  
Эр сэтгэл шантрав
Төгсгөлгүй замын ээдрээнэээс
Залуу нас залхав
Бүгд "баяртай"

Цааш алхав ...

Яг одоо 2009-09-14

Яг одоо - БИ
Цаг хугацаанд аргамжуулж
Цааш явахыг хүсэхгүй ...
Яг одоо - Би биш
Хүлээлтээсээ зугтаж
Хүслээсээ бултаж
Хайраасаа урваж
Амьдрана...  
Яг одоо - Чи
Урсан одох цаг хугацаатай цуг
Улиран одно ...
Яг одоо - Чи биш
Танихгүй эрийн гэргий
Танихгүй жаалын ээж
Танихгүй газар

Амьдрана...

Үдшийн гэгээн аниргүйд

Үдшийн гэгээн аниргүйд
Үзэсгэлэнт чамайг  бодон
Зүүдээ манан хүлээж
Зүрхээ чагнан зүүрмэглэлээ...
"Зүүдээр бүтээгдсэн ертөнцөд
Зөвхөн чамтай болзон
Үүлэн завь хөлөглөж
Үлгэрийн ертөнцөөр зугаалавч... "
Үүрээр нар мандахад
Үнэндээ

Бүх зүйл "хуучнаараа" ...

Төөрсөн ... 2009-09-01

Төөрч яаваа үнэнд
Хөөрч догдлох сэтгэл ...
/Эргэж харахгүй... /
Буцахгүй замын уртад
Цуцахгүй цохилох зүрх...
/Эцэж ухрахгүй.../
Ирээдүй гэж байхгүй
/Энэ бол ҮНЭН... /

        

Тэр цонхны цаана ...

2009-08-25 02:39:41

Навчисын сэрчигнэх чимээ
Намар оройн үдэш...
Тэнгэрт түгсэн оддын дундаас
Тэр цэцэрлэгийн модон сандлаас
Тэр байшингийн, тэр цонх руу  
Тэргэл сар бид 2 цуг ширтэнэ
Бүдгэвтэр гэрэлтэй тэр цонх
Бүгдээс онцгой цонх  ...
Тэр цонхны цаана чи
Тэгээд бас дурсамж минь бий ...
Дурсамж шингэсэн толины өмнө
Дуу аялан чи суухдаа
Цонхоор тусах цагаан гэрлийг
Цочис хийн нэг харж ...
Алгуурхан босож хөшгөө хаахдаа...
Аниргүй шөнийн нам гүмд
Сар бид 2 –ийн санаа алдахыг

Сонссонгүй ...

Бурхангүй газар - Миний нийслэл

2009-08-18 03:09:17


 Хот, хот, хот
Бухимдал дүүрэн
Бусдын өмч
Бурхангүй газар 
Миний нийслэл ...
Амьсгал бачуурч
Амьдрал доройтох
Амьдын там
Нийслэл минь ...
Нохойн хэвтэр
Ноорхой гэрүүд
Хүн адгууснууд
Гүн харанхуйд
Миний нийслэл...
Гунигт харцанд
Ядранги төрх
Санаа алдалт
Сэтгэл уналт
Нийслэл минь...
Хүсч чадахгүй
Итгэж болохгүй
Хүнээ арилжсан

Миний нийслэл ...

Тэр дэндүү ихэмсэг

2009-08-03 10:17:24

Тэр дэндүү ихэмсэг
Түүний төлөө
Тэнгэрийн оддыг
Тэнгисийн гүнээс гэрэлтүүлсэн ч
Тэр харахгүй...
Үзэсгэлэн нь зүйргүй ...
Үнэндээ юу ч түүнийг
Догдлуулахгүй ...
Сартай , гунигтай үдшээр
Бороо шиврэхэд ч
Санаа алдахгүй тэр ....
Тэр тийм бардам
Эрдэнийн сондор зүүлт ч
Энгэрт нь...
Ид шидээ алдчихна
Тэр тийм эрхэмсэг ...
Хажуугаар өнгөрсөн, өнгөрөх бүхний
Хайрыг нь харцтай нь авч одно тэр ...

Тэр тийм үзэсгэлэнтэй ... 

Модерн - Зураач 2009-07-20 17:13:19

Бодох тусам улам хол хөврөх
Дурдатгал минь...
Будах тусам улам өнгөө алдах
Зураглал минь...
Инээмсэглэлийг чинь хар өнгөөр
Зурчилхаа...
Хагацалаар будчихлаа...
Зориулж хэлсэн "Хайртай" -гаа
Зотонд нялаад нуучихлаа ...
Хориулж ассан дурлалаа
Хүйтэн бийрээр унтраачихлаа
Төрхийг чинь тэр чигээр нь
Баллачихлаа...
Зүрхийг чинь л зөхвөн
Засчихлаа...
Харахыг хүсдэг чамайг

Хана руу харуулаад өлгөчихлөө...